Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж буй тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) Т.Аззаяаг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа.
Т.Аззаяа нь үнэт, ховор металл агуулсан эрдэс хүдрийн боловсруулалт, биогеохими, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах химийн чиглэлээрх олон судалгаануудыг хийж гүйцэтгэсэн ба ялангуяа газрын ховор элемент (ГХЭ)-ийн хүдэр, баяжмалыг байгаль орчинд ээлтэй арга ашиглан ГХЭ-ийн нийлбэр болон дан ислийг гарган авах химийн технологийг боловсруулсан; мөн хүлэмжийн хийн хаягдал усны биологийн процессын үед үүсэх, задрах механизмыг тогтвортой изотопийн аргаар тогтоож, задралын коэффициентийг анх удаа тооцоолсон биогеохими, эрдэс хүдэр судлалын тэргүүлэх эрдэмтэн юм. Судалгаа шинжилгээний ажлаараа Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол-5; Монгол улсын патент, ашигтай загвар, зохиогчийн эрхийн гэрчилгээ 5; Үндэсний стандарт 1; Технологийн заавар 12-ыг батлуулан; Эрдэм шинжилгээний өгүүлэл 35 (үүнээс олон улсын хянан магадлагаа бүхий сэтгүүлд 15)-ыг хэвлүүлж; Эрдэм шинжилгээний илтгэл 55 (үүнээс олон улсад 30)-ыг хэлэлцүүлсэн. Гадаадтай хамтарсан болон дотоодын Суурь судалгаа; Шинжлэх ухаан, технологийн захиалгат; ШУА-ийн болон докторын дараах грант зэрэг нийт 12 төслийн удирдагч, гүйцэтгэгчээр ажиллаж, 13 бүтээлийг эмхэтгэн гаргасан байна. ХХТХ-д 2003 оноос эхлэн эрдэм шинжилгээний дадлагажигч, дэд, тэргүүлэх ажилтан, 2019 оноос Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.