Буриад улсын эрдэмтэн анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав.
Буриад улсын эрдэмтэн анагаахын шинжлэх ухааны  докторын зэрэг хамгаалав.

ОХУ-ын иргэн биологийн ухааны доктор, дэд профессор Матханов Иринчей Эдуардович 2025  оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын ШУА-ийн хуралдааны танхимд “Ургамлын гаралтай адаптоген бэлдмэлийн тамиржуулах үйлдлийг судалсан үр дүн” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг амжилттай хамгаалав. Уг ажлыг Шинжлэх Ухааны Академи, Монголын Анагаах Ухааны Академи, Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн, Буриад Улсын их сургуулийг түшиглэн, МАУА-ийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны  доктор, профессор Б.Дагвацэрэн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Сергей Матвеевич Николаев, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Шантанова Лариса Николаевна нарын удирдлагаар  гүйцэтгэжээ. Судалгааны ажлын шүүмжлэгчээр академич, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Дугаржав, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Саранцэцэг нар, шүүмжлэгч байгууллагаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль ажилласан байна.
Монголын уламжлалт анагаах ухаанд “Жүдлэн” хэмээн нэрлэгддэг хүчжүүлэх, тамиржуулах олон тооны эм, жорыг практикт хэрэглэдэг бөгөөд судлаач судалгааны үр дүнг шинжлэх ухааны эргэлтэд оруулж, “Левзея”, “Cерпухa” “Фитосент” гэсэн 3 биологийн идэвхт бүтээгдэхүүн зохион бүтээж, шинэ бүтээлийн патент эзэмшсэн байна. Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүллийг гадаадад хэвлэн нийтлүүлж,  үүнээс Pharmaceuticals-Scopus, SCIE-(Web of Science); Pharmacia-(Web of Science) зэрэг олон улсын нэр хүндтэй  сэтгүүлд 5 өгүүлэл нийтлүүлжээ.
“Левзея”, “Cерпухa” “Фитосент” бэлдмэлүүдийн адаптоген, бие махбодыг тамиржуулах, стрессээс хамгаалах, дасан зохицлын урвалыг дэмжих олон талын үйлдлийг батлагдсан арга, аргачлалын дагуу судалж, уг бэлдмэлүүдийн өвөрмөц фармакологийн үйлдлийг тогтоон, эдгээр бэлдмэлийг рашаан сувиллын нөхцөлд үндсэн эмчилгээтэй хавсруулан хэрэглэх боломжтой болохыг судлан тогтоож, фармакологи,  эмзүй,  эмнэл зүйн судалгаагаар баталгаажсан томоохон хэмжээний ажил болсныг анагаахын шинжлэх ухааны салбарын эрдэмтэд санал нэгтэй дүгнэжээ.



Бусад мэдээлэл