“ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН СУДАЛГАА БА ИННОВАЦ (SRI2025)” ОЛОН УЛСЫН 5-Р КОНГРЕСС АНУ-ЫН ЧИКАГО ХОТНОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Тогтвортой байдлын судалгаа ба инновац (SRI2025)” олон улсын 5-р конгресс 2025 оны 6-р сарын 16-19-ний өдрүүдэд АНУ-ын Чикаго хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү удаагийн конгрессыг Ирээдүйн дэлхий, Иллинойсын их сургуулийн систем болон Белмонт форум зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
“Тогтвортой ирээдүйн төлөө шинэлэг санаа, бодит шийдлүүдийг хамтдаа судлан нээцгээе (Let’s explore bold ideas and real solutions for a sustainable future- together)” уриан дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй төлөөлөгчийг нэг дор цуглуулж салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа, шинэ санаачилга, инновацыг урамшуулсан чухал индэр боллоо.
Тус конгресст “Нэг эрүүл мэнд (One Health)”, “Хамтын шийдвэр гаргалт (Collaborative Decision-Making)”, “Инновацын арга хэрэгсэл (Innovative Tools)”, “Хамтын шийдлүүд (Holistic Solutions)” гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр 140 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдаж, олон улсын судлаачид, шийдвэр гаргагчид, технологичид, нийгмийн зүтгэлтнүүд туршлага, судалгааны үр дүнгээ хуваалцсан юм.
Конгрессын нээлтийн арга хэмжээнд Чикагогийн алдарт цаг уурч Tom Skilling хотын түүх болон уур амьсгалын өөрчлөлтийн орон нутгийн нөлөөллийн талаар сонирхолтой илтгэл танилцуулсан бол Иллинойсын их сургуулийн системийн 20 дахь ерөнхийлөгч Timothy L. Killeen, уур амьсгал, эрүүл мэндийн чиглэлийн нэрт эрдэмтэд болох Kristie L. Ebi, Donald Wuebbles нар уур амьсгалын өөрчлөлт, хүн амын эрүүл мэндийн уялдаа холбооны талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Тус конгресст Монгол Улсаас ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ЭШАА, доктор О.Мөнхдулам, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн зөвлөх, доктор З.Батжаргал, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн ЭШДА, магистр О.Анумандал нарын дэвшүүлсэн “Resilience through One Health: Empowering Local Communities in Eurasian Steppes” төслийн санал дэмжигдэж Хятадын Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор Jie Wang болон Б.Уугандарь урилгаар оролцож хамтарсан 4 цуврал илтгэл хэлэлцүүлсэн.

Тус конгрессын 3 дахь өдрийн нэгдсэн хуралдааны үндсэн илтгэгчээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлүүдийн сүлжээ (UNSDSN)-ний ерөнхийлөгч, эдийн засагч Jeffrey Saches оролцож НҮБ болон олон улсын бодлого боловсруулагч байгууллагуудад зөвлөхөөр ажилласан туршлага дээр үндэслэсэн “Ирээдүйг санхүүжүүлэх: Тогтвортой байдлын төлөө хөрөнгө оруулалтыг татах (Financing the Future: Mobilizing Capital for Sustainability)” сэдвийн хүрээнд танилцуулсан илтгэл олны анхаарлын төвд байлаа. Тэрээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд санхүүгийн урсгалыг хэрхэн нээж, судалгаатай уялдуулах улмаар нийтийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн санхүүжилт, олон улсын санхүүгийн механизмуудын талаар онцлон ярьснаас гадна дэлхийн эдийн засгийн бүтэц, хөгжлийн зүй тогтол нь уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг бууруулах, нөөцийн шударга хуваарилалттай уялдаж хөгжих шаардлагатай хэмээн онцолж, тогтолцооны түвшний эдийн засгийн шинэчлэл хийхийг уриалсан. Цаашлаад уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн хөрөнгө оруулалт, ногоон бонд, байгаль орчин-нийгэм-засаглал (ESG) болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн төр-хувийн хэвшлийн түншлэл, системийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай их хэмжээний санхүүжилтийг татан төвлөрүүлэх зоримог стратегиудын талаар танилцууллаа. Түүний илтгэл нь илүү хүртээмжтэй, тэсвэртэй, нөлөөлөлтэй санхүүгийн экосистем рүү чиглэж байснаараа онцлог байлаа.
Хаалтын арга хэмжээг NBC 5 News Today сувгийн ажлын өдрийн өглөөний хөтлөгч Michelle Relerford хөтөлж энэ удаагийн конгрессын гол ололт амжилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна байгаль хамгааллын олон улсын байгууллага болох “The Nature Conservancy”-ийн ахлах эрдэмтэн Katharine Hayhoe-ийн илтгэлд мэдлэгийг бодит үйлдэлд шилжүүлэхийн тулд шинжлэх ухаан, сэтгэл зүрх, хамтын ажиллагааг нэгтгэхийг уриалсан. Мөн тэрээр өдөр тутмын шийдвэрүүдэд олон талын арга хэрэгслийг ашиглан тогтвортой байдлыг хангах боломжтойг онцлов. Түүний илтгэлийн гол санаа нь хүн бүр өөрийн хэмжээнд хэрэгжүүлэхүйц шийдлээр хувь нэмрээ оруулах нь тогтвортой ирээдүйн үндэс суурь болно гэдгийг онцлоод бидний ирээдүй бидний гарт (our future is in our hands), толгойноос эхэлж, зүрхэндээ холбож, гартаа оруул (start with the head and connect to the heart and to bring in hands) гэсэн өгүүлбэрээр илтгэлээ өндөрлөсөн нь ихээхэн онцлог байлаа.
Мэдээллийг бэлтгэсэн: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын ЭШАА, доктор (Ph.D) О.Мөнхдулам
Бусад мэдээлэл