Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АНУ-ЫН “FROZEN COMMENS” ТӨСЛИЙН ХЭЭРИЙН ХАМТАРСАН СУДАЛГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АНУ-ын Суурь судалгааны сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “FROZEN COMMENS” төслийн хээрийн хамтарсан судалгааг 2025 оны 08 сарын 01-18-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цагаан нуур, Улаан-Уул сумд болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод амжилттай зохион байгууллаа. “FROZEN COMMENS” төслийн хамтарсан хээрийн судалгааг 3 дах жилдээ Хөвсгөл аймгийн  Мөрөн, Баянзүрх, Цагаанннуур сумдын нутагт зохион байгуулав. Төслийн удирдагчаар АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн профессор Vera Kuklina ажилладаг бөгөөд судалгаанд АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургууль, Нью Хампшир Их Сургууль, Аляскийн Файрбанкийн Их Сургууль, Хойд Айвогийн Их Сургууль, Арктик судлалын олон улсын төв болон  ОХУ-ын Иркутскийн Газарзүйн хүрээлэн, Монгол улсын ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, МУБИС-ийн 20 гаруй эрдэмтэн судлаачдаас бүрдсэн баг оролцов. Хээрийн судалгааг Монголын талаас Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн НЭЗГС-ын ЭШТА, доктор С.Энх-Амгалан, Цэвдэг судлалын салбарын дарга, ЭШТА, доктор А.Саруулзаяа нар удирдан гүйцэтгэв. Үүнд:

 

Нийгэм эдийн засгийн чиглэлээр:

  • Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цагааннуур сумдад “Photovoice” сургалт зохион байгуулж, сум бүрээс 15 хүн хамрагдав. Мөн дээрх сумдын сургуулиудад төслийн шугамаар интернетийн хязгааргүй эрхтэй “Starlink” төхөөрөмж суурилуулав. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Хөвсгөл далайн аялал” болон Мөрөн хотод “Хамтын бүтээлч семинар” зохион байгуулав. Тус семинарт АНУ, Канадын урлаг судлаачид оролцсоны зэрэгцээ Хөвсгөл аймгийн “Урчуудын эвлэлийн гишүүд” болон Мөрөн, Цагаан нуур, Баянзүрх сумдаас уран бүтээлчид ирж оролцон 2 өдөрт хамтран хамтын бүтээл хийж туршлага солилцов.
  • Мөрөн хотод төслийн үр дүнг танилцуулах зорилготой хамтарсан “Frozen commens” семинар зохион байгуулав. Тус семинарт аймгийн ЗДТГ болон холбогдох 8 байгууллагын удирдлага, ахлах мэргэжилтнүүд оролцож, 1 өдрийн турш тулгамдаж буй асуудлаа тодорхой ярилцаж, цаашид төсөлтэй хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо чөлөөтэй ярилцав.
  • Хээрийн судалгааны хүрээнд “SESTRA-RIMS” сургалтыг Мөрөн, Сүхбаатар хотуудын байгаль орчны чиглэлийн байгууллагын удирдлага, ахлах мэргэжилтнүүдийг оролцуулсан семинарыг зохион байгуулав.

 

Цэвдгийн судалгааны чиглэлээр:

  • Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын цэвдэгтэй, хүлэрт намагтай газарт орших Алтарга голын хөндий, Хөөен нуурын хөндийд тус тус уур амьсгал болон бэлчээр ашиглалтын нөлөөлөл цэвдгийн гэсэлтэд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор урт хугацааны мониторингийн хоёр цооног шинээр өрөмдөж, тоноглов. Цэвдгийн температурыг АНУ-ын Onset компанийн HOBO даталоггероор тоноглож, 6 цагийн интервалтай гүний температур хэмжигчийг амжилттай ажиллуулж эхэлсэн. Энэхүү судалгаа нь сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө болон тухайн бүс нутгийн хүрээлэн буй орчны нөхцөл, малчид, нутгийн иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан судлахад чиглэнэ.

Мэдээг бэлтгэсэн: ГГХ-ийн НЭЗГС болон Цэвдэг судлалын салбар

 


Бусад мэдээлэл