avatar
Б Нямдаваа

Нийтлэсэн

  • 2024-08-26
  • 3

МИКРОПАЛЕОНТОЛОГИ

    Амьтан, ургамлын үлэмж болон бичил биетнүүдийг судлах асуудал нь палеонтологийн шинжлэх ухаанд микропалеонтологийн бие даасан чиглэлийг хөгжүүлэх үндэс суурь нь болсон юм. Микропалеонтологийн объектын хүрээ нэн өргөн, амьтан, ургамлын олон тооны анги бүлгийг судлахын зэрэгцээ түүнтэй холбогдсон стратиграфи, седиментологийн олон асуудлыг хамардаг онцлогтой. Тухайн чиглэлийн судалгаа янз бүрийн настай хурдас чулуулгийн бүсчлэлийн ангилал, харьцуулалтыг боловсруулахад чухал түлхэц болохын сацуу палеобиогеографи, палеоокеанологи, палеоклиматологи, палеоэкологи, эртний орчин нөхцөл, үйл явцыг таниж тайлбарлах ач холбогдолтой. Микропалеонтологи нэн ялангуяа газрын тос, байгалийн хий болон далай тэнгисийн геологийн судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг, учир нь тэдгээрийн хучааслаг хурдас чулуулагт олон янзын микрорганизм нэн сайн хадгалагддаг учиртай. Тийм ч учраас микроорганизмын малтаас үлдэгдэл нь далай тэнгис ба эх газар хоорондын түүхэн хөгжлийг тодорхойлоход зангилгаа холбоос үүрэг гүйцэтгэнэ. Микропалеонтологийн судалгааны үндсэн судлагдахуун болох органик биетүүд нь сүлжээ дунтан (фораминифера), цацраг биетэн (радиоляр), бяцхан хавчаахайтан (остракод), конодонт, хигдэрт услаг ургамал (диатом), хөх-ногоон услаг ургамал (строматолит, микрофитолит), үрэнцэр, эгэл биетэн (динофлагелл), бяцхан явуулаг амьтад (SSFs), нялцгай биетэн (моллюск), мөрт малтмал, шавар идэштэн, залхаг, зөөлөн биет болон гуурслаг амьтад, археоциат, гурвалдай зэрэг амьтан, ургамал болно. Эдгээр нь фанерозой болон хожуу эх төрмөлийн тунамал хурдасны бүсчлэлийн стратиграфи, харьцуулалтыг боловсруулахад зарчмын ач холбогдолтой. Бичил малтаас буюу микрофоссили бол биологийн объектын нэг адил бусад бүхий л малтаас биетнүүдэд хэрэглэгддэг уламжлалт харьцангуй морфологийн аргын тусламжтайгаар судлагддаг учиртай. Микропалеонтологийн орчин цагийн судалгааны үндсэн арга нь сараалжин болон сараалжин бус организмын бичил бүтэц буюу микроструктурыг судалдаг цахилгаан микроскопыг өргөн хүрээтэй хэрэглэж ялангуяа тэдгээрийн филогенетик ангилалыг нарийвчлан боловсруулах болсонтой уялдаж түүнийг задлан шинжилгээндээ эрчимтэйгээр нэвтрүүлэх болсонд оршино. Тиймээс микропалеонтологийн судалгааны зорилгод зөвхөн микропалеонтологийн судалгаанаас гадна түүнтэй уялдсан стратиграфи, литологи, седиментологи болон биоэрдэсжилттэй уялдсан олон зангилгаа асуудлыг шийдвэрлэх асуудал шил шилээ даран зогсож байна. Сүүлийн жилүүдэд манай орны палеонтологийн судалгаанд эрчимтэй нэвтэрч хөгжих болсон бактерийн палеонтологийн шинэ чиглэлийн судалгаа үүнтэй гарцаагүй уялдана.

      Микропалеонтологи бол аргачлалын хувьд сонгомол палеонтологийн судалгааны үндсэн салбар нь мөн бөгөөд голлох арга аргачлал нь харуур буюу микроскопын шинж чанартай. Судалгааны объект нь бичил биетнүүдийг хээрийн нөхцөлд хайж цуглуулах, дараа нь түүнийгээ лабораторийн суурин судалгаагаар нарийвчилсан техник боловсруулалтанд оруулах гэсэн өвөрмөц хоёр үндсэн үе шатанд захирагдана.

Систематик хэсэг нь дотроо бичил малтаас буюу микрофоссили, тэдгээр нь сүлжээ дунтан, цацраг биетэн, бяцхан хавчаахайтан, мөрт малтмал, зөөлөн биет гэсэн бичил бүлгээс бүрдэнэ. Бяцхан бүлгийн бүрэлдэхүүнд нялцгай биетэн, мөр хөлтөн тооцогдоно. Сараалжин биетний хэсэг нь сээр нуруугүйтнээс бамбайхайн зүүнүүд, хавч дүрстний малтаас, өргөст арьстны бяцхан үлдэгдэл, мөрхөлтний өргөс, харин хөвчит амьтнаас (хордовые) конодонт, аврага загасны (акула) шүд, хайрс төлөөлдөг. Микрофитофоссилийн бүрэлдэхүүнд дан эст услаг ургамал, түүний бүрхүүл, цист буюу бундуу болох биетүүдээс тогтоно. Үүнд органик хэсэг нь динофлагеллат, шохойлог хэсэг нь кокколитофорид, цахиурлаг хэсэг нь хигдэрт услаг ургамлаас тогтоно. Сэргээгдсэн буюу бүтээцтэй эрхтэнг (репродуктивные органы) миоспор, үр тоосонцор, үрэнцэр ба ураг (плоды), тойм биетнээс акритархи (цианобактери), эвэржин төлөөлдөг.

 Манай хүрээлэнд микропалеонтологийн салбар шинэ сэрэг хөгжих боллоо. Түүнийг цаашид эрчимтэй хөгжүүлэхэд эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, судалгааны объектуудыг оновчтой сонгох, хоёр талын болон олон улсын төсөл хөтөлбөрт идэвхтэй оролцох, орчин цагийн лабораторийн тоног төхөөрөмж болох цахилгаан микроскопоор хангах асуудал нэн чухал болно.