Монгол улсад палеонтологийн анхны хээрийн музей-судалгааны станцын эхлэл тавигдав
Монгол улсад палеонтологийн анхны хээрийн музей-судалгааны станцын эхлэл тавигдав

Монгол улсад палеонтологийн анхны хээрийн музей-судалгааны станцын эхлэл тавигдав

 

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын Байшин цавын бүлэг олдворт газарт “хээрийн музей-судалгааны станц” байгуулах, шинжлэх ухааны аялал жуулчлалын эхлэлийг тавих хөтөлбөрийн хүрээнд үлэг гүрвэлийн мөр хадгалагдсан дэлхийд алдартай олдворт газарт хээрийн музей байгуулах эхний шатны ажил дуусч, 2017 оны 10 сарын 22-ны өдөр уг байгууламжийг ашиглалтад оруулах нээлтийн ажиллагаа Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутагт орших Шар цавын олдворт газар болов. Нээлтийн ажиллагаанд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х. Сугар, Өмнөговь аймгийн сумдын ИТХ-ын дарга нар, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор  Х. Цогтбаатар, БСШУСЯ-ны соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэнБ. Даваацэрэн, БОАЖЯ-ны аялал жуулчлалын газрын мэргэжилтэн н. Гэрэлсайхан, ШУА-ийн Геологи, газарзүйн бага чуулганы ЭНБДарга Н. Нарантуяа ШУТСангийн мэргэжилтэн Д. Одончимэг, Өмнөговь аймгийн Манлай сумын Засаг дарга Г. Буянхүү, Ханбогд сумын засаг дарга Б. Дэндэвсамба, Оюу Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцааны ерөнхий менежер Ш.Байгалмаа, Санхүү эрхэлсэн захирал Пол Муллинс, Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс, Орон нутгийн харилцааны менежер О.Цэрэннадмид, Орон нутгийн харилцааны ажилтан  О. Батзориг, Хэвлэл мэдээллийн ажилтан Б. Батбилэг, Зөвшөөрөл хариуцсан зохицуулагч Н. Ариунаа болон албаны бусад хүмүүс оролцов.




















    

    Одоогоос  22 жилийн өмнө ШУА-ийн Палеонтологийн төв-Японы Хаяшибара байгалийн шинжлэлийн музейн хамтарсан экспедицийн судлаачид (Монголын талаас Х.Цогтбаатар, Японы талаас М.Ватабэ, Ю.Мацумото, Ш.Сүзүки нар) Байшин цав, Хуурай цав, Амтгай орчмын олдворт газар хээрийн судалгаа явуулж байх явцад хожуу Цэрдийн баянширээн цаг үе буюу одоогоос 80 гаруй сая жилийн өмнө оршин амьдарч байсан үлэг гүрвэлийн гишгэж үлдээсэн мөрийг энэ Шар цав хэмээх газраас анх олж нээсэн юм.

Тэр цагаас хойш үлэг гүрвэлийн мөр судлал болон эрт цагийн хүрээлэн буй орчныг сэргээн тогтоох судалгааг Японы судлаачдын хамт олон жил энэ нутагт хийж, үр дүнг дэлхийн палеонтологийн нийгэмд танилцуулж ирснээр Монголын говийн  Шар цавын үлэг гүрвэлийн мөрт газар нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн газар болсон билээ.

 

Нэг газар маш олноороо хадгалагдсан баялаг байдал, үлэг гүрвэлийн мөр болон чулуужсан яс нь нэг үе давхаргадсаас зэрэгцэн олддог тохиолдол, үлэг гүрвэлийн мөрний олон тооны байгалийн хэв, байгалийн хэв маягийн хатуу элсэн чулуун бөөгнөрөл, арьсны ор мөр, хумс хурууны хэлбэр бүтэц нь тод томруун хадгалагдсан хонхор хотгор дардас болон зам, мөрийн ер бусын тархацын давтагдашгүй байдал нь Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий олдворт газрыг дэлхийн хэмжээний палеонтологийн өвт газар болохыг баталдаг.


 

    Шар цавд жижиг махан идэшт үлэг гүрвэлийн мөр агуулагдсан үе давхаргаас Авимимус хэмээх шувуу төст жижиг махан идэшт үлэг гүрвэлийн чулуужсан ясны хэд хэдэн олдвор, үлэмж биет ургамал идэшт Завроподын хэлхээ яс олдсон юм.

 

    Энэхүү палеонтологийн дурсгалт газрыг хамгаалах талаар эрдэмтэн, судлаачдын санал санаачлагыг төр, засгаас дэмжиж, Монгол улсын засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Улс, аймгийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж, Засгийн газрын 2013 оны 414 тоот тогтоолоор палеонтологийн дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоож талбайн хэмжээг 408 га байхаар баталсны дээр  2014 он ЮНЕСКО-оос Дэлхийн байгалийн өвийн урьдчилсан жагсаалтанд бүртгээд байна.

     Тус олдворт газрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах “ШАР ЦАВ, ХҮРДЭТ АГУЙН СОЁЛЫН ӨВИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 2015-2025”ийг 2015 онд боловсруулж Өмнөговь аймгийн ИТХ-аар батлуулж төлөвлөгөөний дагуу амжилттай  хэрэгжүүлж байна.

Төслийн 1-р үе шатны ажил 2016 оны 11 сард эхэлж олон улсын Палео-паркын стандартын дагуу явган хүний зам жим, шат, гүүр болон үлэг гүрвэлийн мөрний бөөгнөрөл бүхий хэсэгт байгалийн нөлөөллөөс хамгаалах битүү байгууламж, дотор талдаа шилэн зам гүүр зэргийг байгуулав. Энэ бүтээн байгуулалт нь Монгол улсын хэмжээнд хамгийн анхны байгальд дээрхи музей, палео-парк болж байна.

Судалгаа шинжилгээний болон танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой энэ өвийг хадгалж хамгаалах ариун үйлсэд Өмнөговь аймгийн удирдлагууд, Нийгмийн хариуцлагатай уул уурхайн компани Оюутолгой, Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан,  Манлай, Ханбогдын ЗДТГазар, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, Монголын палеонтологийн олдворыг хамгаалах нийгэмлэг ТББ, Монголиа куист ХХК, нутгийн иргэд гар, сэтгэл нийлэн хамтран ажилласны үр дүнд “Шар цав, Хүрдэт агуйн соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулан хамгаалах” төслийн нэгдүгээр үе шат амжилттай дуусч судалгааны үл хөдлөх, биет өв хадгалагдан хамгаалагдаж, хээрийн судалгааны болон танин мэдэхүйн аялал жуулчлалын түшиц газар ийнхүү байгууллагдах эхлэл тавигдлаа.












 

                            “Үлэг гүрвэлийн мөрнөөс Цайны зам хүртлэх соёлын өвийн баг” –ийн нийт гишүүд болон бүх оролцогч талуудад талархал илэрхийлье.

 

 

 


Бусад мэдээлэл