Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвор ялангуяа үлэг гүрвэлийн судалгаагаар дэлхийд ТЭРГҮҮЛЭХ байрыг эзэлдэг. ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн судалгааны ШУ-ы үр дүнг орон нутагт хүргэж, олон нийтийн танин мэдэхүйг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилготойгоор аялал жуулчлалын улиралтай нийцүүлж, уг ажлын хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГазар, Аймгийн Музейтэй хамтран “Үлэг гүрвэлийн гайхамшиг” нэртэй түр үзэсгэлэнг тус аймгийн хүн ам, хүүхэд багачууд, аялал жуучлалынханд дэглэн хүргэлээ.
Тус үзэсгэлэн нь Монголын говь нутгаас олдсон аварга махан идэшт үлэг гүрвэл Тарбозавр болон өвсөн идэшт эвэрт үлэг гүрвэл Протоцератопс, үлэг гүрвэлийн өндөг, өндөгний үүр зэрэг 11 олдвороос бүрдэх бөгөөд тайлбар танилцуулгыг тус хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний үр дүнгээр баяжуулж, шинэлэг мэдээлэлтэй дэлгэн харуулсан.