Эрдэм шинжилгээний ажилчид үр дүнгээр цалинждаг боллоо
Эрдэм шинжилгээний ажилчид үр дүнгээр цалинждаг боллоо

2023 оны 2 сарын 2-нд ШУА-ийн их чуулган  хуралдаж Монгол Улсын Шинжлэх ухааны Академи (ШУА), харьяа хүрээлэнгүүдээс 2022 оны эрдэм шинжилгээний үйл ажиллагааны тайланг хэлэлцэж дүгнэлээ. Тус чуулганд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хүрэлцэн ирж оролцсон бөгөөд энэ үеэр түүний  хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт Академичдаа,

Эрхэм хүндэт эрдэмтэд, судлаачид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэн ШУА-ийн ээлжит Их чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

         Өнөөдөр МУ-д төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын нийт 71 байгууллага байна. Үүнээс эрдэм шинжилгээний үндсэн статусаар ажиллаж байгаа 31-н байгууллагад 1350 (нийт 1970) эрдэм шинжилгээний үндсэн ажиллагсад ажиллаж байна.

         Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Эрдэм шинжилгээний үндсэн ажилтны тоог бид бараг 10 хувиар (115 ЭША) нэмэгдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 299 дүгээр тогтоолоор Шинжлэх ухааны академийн харьяанд Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг шинээр байгуулж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнг тус тус улсын төсвийн санхүүжилттэй болгосон мөн зарим хүрээлэнгийн орон тоог нэмэгдүүлсэн.

2022 онд Шинжлэх ухааны салбарын санхүүжилт нь 47.7 тэрбум төгрөг батлагдсаны 75.1% буюу 38.1 тэрбум төгрөг нь урсгал зардал, 24.9% буюу 9.6 тэрбум төгрөг нь эрдэм шинжилгээний ажлын зардал зарцуулагдсан энэ нь ДНБ-ний 0.10 хувийг эзэлж байна. Энэ бол маш сул үзүүлэлт өнөөдөр улс орнууд шинжлэх ухаан, технологийн салбарт дунджаар ДНБ-ний 2,0 хувийг зарцуулж байна.

Гэхдээ бид энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй хөгжингүй болон хөгжиж буй орнуудад энэ санхүүжилтийн 50 болон түүнээс дээш хувийг хувийн хэвшил, аж үйлдвэрийн салбараас санхүүжүүлж байна. Тэгвэл бид хувийн хэвшлийн салбараас судалгаа хөгжүүлэлт, инновацийн салбарт зарцуулж буй санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тогтоох судалгааг Үндэсний статистикийн газартай хамтран хэрэгжүүлсэн энэ судалгаагаар 2020 онд хувийн хэвшлээс судалгаа хөгжүүлэлтэд 10,2 тэрбум, инновацийн үйл ажиллагаанд 200 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Үүнээс гадна ЗГ-ын ХЭГ-ийн тооцоо судалгаагаар Монгол улсын Яамд, орон нутаг, төрийн бусад байгууллагаас сүүлийн 3 жилд 20 саяаас дээш өртөгтэй 182 тэрбум төгрөгийн судалгааны ажлыг зарлан хэрэгжүүлсэн байна(жилд 60 тэрбум). Энэ санхүүжилтийн үр дүнг нягтлан цаашид төрийн бодлогын зохицуулалттай зарцуулах ёстойг харуулж байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, нийгмийн баталгааг хангах чиглэлээр гарсан нэг чухал шийдвэр бол Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолоор албан хаагчдын цалингийн доод хэмжээг баталж, нийт албан хаагчид цалингийн 5-р шатлалаар цалинжих шийдвэрийг гаргуулсан. Ингэснээр эрдэм шинжилгээний ажилтны тогтвор суурьшилтай ажиллах, ур чадварт суурилсан цалин, урамшууллын механизмыг бүрдүүлсэн. Одоо цалингийн фондоо өсгөж чадвал түүнд зохицуулан үр дүн, бүтээмжтэй ажиллаж байгаа ажилтны цалингаа нэмэгдүүлэх боломжтой. 

БШУЯ-аас санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд “Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам”-ыг засгийн газраар хэлэлцүүлэн батлуулсан ингэснээр судалгааны үндсэн чиглэлд гүйцэтгэл, үр дүнд суурилсан тогтмол санхүүжилт олгох боломжийг бүрдүүлсэн. Энэ жил үндсэн чиглэлийн санхүүжилтэд 900 орчим сая төгрөгөөр төсөвлөн эхлүүлэхээр ажиллаж байна.

1993-2021 оны хооронд Шинжлэх ухаан технологийн сангаас 178,6 тэрбум төгрөгөөр шинжлэх ухааны 4244 судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд шинэ болон шинэчилсэн технологи, бүтээгдэхүүний загвар 1468, шинэ бүтээлийн патент 352, ашигтай загвар 304, зохиогчийн эрхийн гэрчилгээ 166, эрдэм шинжилгээний дотоод, гадаадад хэвлүүлсэн өгүүлэл 19510, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах ТЭЗҮ 148 гэх мэтчилэн нийт 51572 үр дүн баталгаажсан байна.  Тухайлбал,  1 судалгаа хөгжүүлэлтийн ажилд дунджаар 42,1 сая төгрөг, 1 судалгаанд жилд дунджаар 14.4 сая төгрөг зарцуулж байгаа маш чамлахаар санхүүжилт байна. Тиймээс бид цаашид байгаа санхүүжилтдээ тааруулан шинжлэх ухаан тэргүүлэх чиглэл, цөм технологийн чанартай цөөн тооны төслийг хангалттай санхүүжилтээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Ингэхдээ салбар дундын, салбар дамнасан судалгаа хөгжүүлэлтийг зарчмаар хэрэгжүүлэх  улмаар судалгаа хөгжүүлэлтийн ажлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, өгөөжийг сайжруулах шаардлагатай. Мөн түүнчлэн хувийн хэвшилтэй хамтарсан санхүүжилттэй судалгааны төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ агуулгыг шинэчлэлийг саяхан ЗГ-аар баталсан Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түнд хяналт тавих журмын харилцаагаар бүрэн зохицуулагдана.  Энэ журамд төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах зарчим, хамтарсан санхүүжилт, гарааны санхүүгийн дэмжлэг, чадварлаг хүний нөөцийг дэмжих, урамшуулах зэрэг олон шинэ зохицуулалт орсон байгаа.

Цаашид бид шинжлэх ухаан, инновац, технологийн салбарын

·        Хууль эрхзүйн орчныг шинэчлэх,

·        Салбарын санхүүжилтийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх,

·        Салбарт шаардлагатай шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах

·        Цахим шилжилтийг эрчимжүүлж, технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх, нээлттэй, цахим платформыг бий болгох,

·        Чадварлаг хүний нөөцийг гадаад дотоодоос бүрдүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зэрэг олон шинэчлэлийн зорилтыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

 

Энэ хүрээнд:

1-рт Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинжлэх ухааны паркийн эрхзүйн байдлын тухай анхдагч хуулийг тус тус батлуулахаар үзэл баримтлалыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран батлуулахаар ажиллаж байна.

Шинжлэх ухаан, технологийн суурь хуулиар:

·        шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, төлөвлөлт,

·        бүтэц тогтолцоо, төр, орон нутаг, эрдэмтэн судлаачдын нийтлэг эрх үүргийг илүү нарийвчлан зохицуулахаас

·        суурь шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний,

·        бүс, орон нутгийн түвшинд судалгаа хөгжүүлэлтийг хөгжүүлэх,

·        хувийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих,

·        чадварлаг хүний нөөцийг бэлтгэх,

·        шинжлэх ухааныг дэмжсэн соёл, түгээн дэлгэрүүлэлттэй холбоотой онцлог зохицуулалтыг тусгаж өгсөн.

Мөн Монгол улсын шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна.

2-рт: Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор аймгийн Боловсролын газрыг “Боловсрол, шинжлэх ухааны газар” болгон өөрчлөн зохион байгуулсан, 299 дүгээр тогтоолоор Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийг хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж Ажлын алба болгон өргөжүүлж, 21 аймаг, нийслэлд Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийг байгуулсан. Энэ нь орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх суурь бүтцийг бүрдүүлсэн, бүх түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болсон Энэ хүрээнд Засаг дарга нартай байгуулсан гэрээнд орон нутгаас Судалгаа хөгжүүлэлт болон инновацын төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг(200-300 сая төгрөг) орон нутгийн төсвөөс шийдвэрлэх гэрээг байгуулсан.

3-рт: Цахим, нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн “MORI” мэдээллийн нэгдсэн платформыг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн үүнийгээ хөгжүүлэх Монгол Web of Science, Монгол SCOPUS мэдээллийн санг бид өөрсдөө бий болгох хэрэгтэй

4-рт: “Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор”-ын барилгын ажлын хөрөнгө оруулалтыг тусган 2024 онд эхний ээлжийн 5 барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

5-рт Шинжлэх ухааныг эдийн засагжуулах үйл ажиллагааг идэвхтэй явуулах, судалгаа шинжилгээний үр дүнгээ эдийн засгийн үнэлэмжээр илэрхийлэх хэрэгтэй байна.

Тухайлбал, Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Монгол орны ашигт ургамлын судалгааны үр дүнд “Чингис”, “Болор”, “Хараа”  архи, “Тэрэлж”, “Сэлэнгэ” ундааны патент, жорыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, АПУ компани тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр жилд 10-100 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байна; Дарханы ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд  1989 оноос тасралтгүй харьцуулсан судалгааг хийж Дархан-144 сортыг гарган авсан. Энэхүү сортыг сонгон тариалсан аж ахуй нэгж, тариаланчдын нэгжээс авсан ургац нь улсын дунджаас 0.2-4.1 ц/га-аар илүү байж, нэмэгдэл ургацаасаа жилд дунджаар 10.3 тэрбум, 6 жилд нийтдээ 61.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон эдийн засгийн тооцоо гарсан; 

6-рт Өчигдөрхөн Засгийн газраас нэг ТҮҮХЭН ШИЙДВЭР гарсан нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын нэгдсэн бодлогыг тодорхойлох шийдвэрийг гарган ажлын хэсгийг байгуулсан. Энэ бол Шинэ сэргэлтийн бодлогын дараагийн 10 жилийн Монгол улсын гол бодлого болно. Энэ ажлын хэсгийн даргаар ЭЗХ-ийн сайд, орлогч даргаар БШУ-ны сайд, нарийн бичгийн даргаар ЦХХХ-ны сайд байхаар тус тус ажиллахаар тогтсон байгаа.

Энэ бол Шинэ зууны эхэнд Шинжлэх ухааны салбарынхан бидэнд олдож байгаа маш том боломж гэж үзэж байна.


Бусад мэдээлэл
Тендер зарлагдлаа
1 жилийн өмнө