Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн 50 жилийн ой
Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн 50 жилийн ой

Монгол-Оросын хамтарсан экспедици байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 1969 онд хоёр орны хамтарсан биологийн болон палеонтологийн экспедици байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас х ойш өнөөг хүртэл хагас зуун жилийн түүхэнд манай улс үлэг гүрвэлийн олдвор, эртний амьтан ургамлын судалгаа, шинжлэх ухааны материалаараа дахинд гайхагдаж, өдгөө үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгээрээ танигдсан билээ.

Монгол-Оросын хамтарсан экспедици нь хагас зуун жилийн түүхэнд кембрийн үеэс дөрөвдөгчийг хүртэлх 600-2.2 сая жилийн түүхтэй эртний амьтан ургамлын судалгааг манай орны нутаг дэвсгэрт явуулж ирснийг  ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийнхэн онцолж байв.


ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ЭКСПЕПИЦИ ДЭЛХИЙН ШИМ ЕРТӨНЦИЙН ҮҮСЭЛД ЧУХАЛ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.ЦОГТБААТАР:

-Монголын палеонтологийн судалгаа, шинжлэх ухаан дэлхийн хэмжээнд хүрсэн. Ийм амжилтад хүрэх томоохон үүргийг 50 жилийн түүх, хамтын ажиллагаатай ОХУ-ын экспедици чухал хувь нэмрээ оруулсан. Энэ хугацаанд зөвхөн палеонтологийн чиглэлээр зөвхөн бидний сайн  мэдэх үлэг гүрвэлийн судалгаа төдийгүй дөрөвдөгчийн галавыг хүртэлх бүхий л амьтан ургамлын судалгааг явуулж байснаараа онцлог юм. Монгол-Оросын хамтарсан экспедици байгуулагдсаны 50 жилийн ойд  ОХУ-ын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович чухал ач холбогдол өгч, манай улсад айлчилж буй нь дэлхийн шим ертөнцийн шинжлэх ухааны салбарт чухал үүрэг, өндөр ач холбогдолтой гэдэг нь харагдаж буй юм. Хэдийгээр ОХУ-ын шинжлэх ухааны академитай олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай боловч Ерөнхийлөгч нь манай улсад ирж байгаагүй. Хагас зуун жилийн түүхэн дэх хамтын ажиллагааны ойг тэмдэглэхээр манай улсад айлчилж буйд бидний зүгээс  чухал ач холбогдол өгч байна.

Монгол-Оросын палеонтологийн хамтарсан экспедици байгуулагдан ажилласан энэ хугацаандаа палеонтологийн гайхамшигт ховор нандин олдворуудыг олж илрүүлэн гайхамшигтай сан хөмрөгтэй болсноос гадна хамтарсан экспедицийн 48 цуврал бүтээл, 10 ганц сэдэвт зохиол, 1500 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг Орос улсад  болон гадаад орнуудад хэвлүүлжээ.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Л.ГЭРЭЛЦЭЦЭГ

-Монгол улс палеонтологийн олдвороороо баялаг гэдгийг нээж өгсөн нь ОХУ юм. Бидний хойд хөрш манай улсын шинжлэх ухаан, палеонтологийн салбар хөгжих анхдагч суурийг нь тавьж өгсөн гэж үздэг. Тиймээс хоёр орны хамтарсан экспедици байгуулдсны 50 жилийн ойг угтаж ОХУ-ын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович манай улсад анх удаа айлчилж, баярын хурлаа хийж байна.Сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн хамгийн эртний амьтан ургамлын судалгааг Монгол орны нутагт хоёр орны хамтарсан экспедици явуулж байсан. Хагас зуун жилийн түүхэнд өнөөг  хүртэл  түүхэнд тэмдэглэгдэх үйл явдлаас дурдвал  одоогоос 598 сая жилийн өмнөх цаг хугацааг хамарсан буюу амьтан ургамлын цогц судалгаа болох кембрийн өмнөх үеийн олдворт газрыг нээж илрүүлж байв. Энэ бол дэлхий дахинд амьтан ургамлын үүсэл хөгжлийн томоохон нээлт болж байгаа юм. Одоогоос 240 сая жилийн өмнө нь манай улс далайгаар хүрээлэгдсэн байсан тул далайд амьдардаг бүхий л амьтан ургамал монгол орноос олддог.

Хагас зуун жилийн түүхтэй Монгол-Оросын хамтарсан экспедици байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх баярын хурал өнгөрсөн баасан гаригт Bluе Sky товерт болсон юм. Энэхүү баярын хурлыг нээж ОХУ-ын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович үг хэлж, хоёр орны шинжлэх ухааны академийн түвшинд анх удаа гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм. Тэрбээр “Монгол-Оросын хамтарсан экспедици байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хуралд оролцохоор миний бие анх удаа Монгол улсад айлчилж байна.

Хоёр орны хамтарсан экспедици палеонтологи, биологийн салбарт өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд дэлхийн шим ертөнцийн судалгаанд хувь нэмрээ оруулахуйц өргөн цар хүрээтэй судалгаа явуулж, шинжлэх ухааны асар их материалыг бий болгосон юм. Цаашид хамтарсан экспепидицийн цар хүрээ өргөжиж судалгааны үр дүнгүүд зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй хүн байгалийн харилцаа холбооны урт хугацааны урьдчилсан мэдээ, байгаль орчныг гамшгаас хамгаалахад урьдчилан сэргийн өргөн боломжийг тодорхойлох шинжлэх ухааны нэн чухал үндэслэл болно” гэлээ. 

мэдээг https://news.mn/r/2191325/

холбоотой мэдээ 

https://news.zindaa.mn/2vfe

http://eagle.mn/r/62461


Бусад мэдээлэл