Монгол, Оросын ШУА хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Оросын палеонтологийн хамтарсан экспедици (МОПХЭ) 1969 оноос тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд 2019 онд 50 жилийн ой тохиож байна. Уг экспедиц нь палеонтологийн түүхэнд үргэлжилсэн хугацаа, оролцсон хүн, техникийн хүчин чадал болон олж цуглуулсан материал зэргээрээ хамгийн том иж бүрэн экспедици байсан, байсаар ч байгаа билээ. Хамтарсан экспедицийн үйл ажиллагааны эхэн үеэс буюу 1969 оноос өнөөг хүртэл кембрийн өмнөх үеэс дөрөвдөгчийг хүртэлх 600 орчим сая жилийн түүхтэй эртний амьтан, ургамлын судалгаа өргөн цар хүрээтэй явагдаж байгаа билээ. 1990 –ээд оныг хүртэл манай хамтарсан экспедици жил бүр нийтдээ Оросын талаас 50-60, Монголын талаас 10-15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 хүртэл судалгааны багтай ажиллаж байв. МОПХЭ нь
1. Монгол орны мезо-кайнозойн сээр нуруутан.
2. Урьд кембри ба палеозойн цаг үеийн амьтан, ургамал гэсэн 2 үндсэн сэдвийн дагуу олон жилийн туршид ажиллаж байна. Дээрх сэдвийн хүрээнд Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд олон арван олдворт газрууд, үнэлж баршгүй ховор нандин олдворуудыг илрүүлснээр тус орны палеобиогеографийн болон хурдас чулуулгийн давхаргазүйн чухал асуудлуудыг шийдвэрлэсэн. Хамтын судалгааны үр дүнгээр 48 цуврал бүтээл, 10 ганц сэдэвт зохиол болон 1500 орчим эрдэм-шинжилгээний өгүүлэл хэвлэгдэн гарсан билээ. Түүнээс гадна “Монголын палеонтологи” сэдэвт 5 том хэвлэгдсэн нь олон жилийн нөр их хөдөлмөрийн үр шим мөн. Тус хамтарсан экспедицийн үйл ажиллагааны гол үр дүнгийн нэг нь Орос, Монголын талаас нийт 10 орчим доктор, 30 гаруй дэд доктор төрөн гарсан явдал юм. МОПХЭкспедицийн эрдэм шинжилгээний удирдагчаар академич А.Ю. Розанов, академич Р. Барсболд нар одоог хүртэл ажилласаар байна.
Эрдэм шинжилгээний хамтарсан экспедицийн түүхэнд тасралтгүй 50 гаруй жилийн туршид хамтран ажиллаж ирсэн нь маш ховор тохиолдол бөгөөд хагас зуун жилийн хамтын ажиллагааг ёслол төгөлдөр тэмдэглэх зорилгоор 2019 оны 9-р сарын 5-9 хооронд Улаанбаатар хотод баярын болон эрдэм шинжилгээний хурал хийж, хээрийн экскурсыг Баянзаг олдворт газарт зохион байгуулахаар төлөвлөж байна.
ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН