Азийн үлэг гүрвэлийн олон улсын 4 дүгээр хурал 2019 оны 7 сарын 24, 25 -нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод, хурлын дараах хээрийн экскурс 7 сарын 26-29-ны хооронд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзаг (Flaming Cliffs), Төгрөгийн ширээ зэрэг үлэг гүрвэлийн олдворт газар болж өнгөрлөө.
Монголд болох энэ удаагийн хуралд (оролцуулах эрдэмтэн судлаачдын тоогоор дараалуулбал) Тайланд, Япон, БНХАУ, БНСУ, ОХУ, Франц, Канад, Дани, Испани, Тайвань зэрэг 10 гаруй орны 77 төлөөлөгчид оролцож байна. Зохион байгуулагч орон-Монголоос 50 гаруй хүн оролцлоо.
Азийн үлэг гүрвэлийн судалгаа 1980-аад оноос дэлхий нийтийн анхаарлыг ихэд татах болсон. Гэвч Ази тивийн үлэг гүрвэлийн судалгааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сурталчилан таниулах хийгээд түгээн дэлгэрүүлэх, мөн залуу судлаач, оюутнуудыг сургах, дахин сургах, Азийн үлэг гүрвэлийн судалгаа шинжилгээний талаарх мэдээллийг солилцох, танилцуулах зэрэг бүтэц, зохион байгуулалт тус бүс нутагт үгүй байв.
ШУ-ны ихээхэн ирээдүйтэй энэ салбарыг хөгжүүлэхэд Ази тивд Умард Америк дахь “Сээр нуруутны палеонтологийн нийгэмлэг”-тэй төстэй “Азийн Динозаврын Нийгэмлэг” буюу Asian Dinosaur Association (ADA)-ийг Япон, Хятад, Монгол, Орос, Солонгосын эрдэмтдийн санаачлагаар 2013 оны 7 сарын 10 -ны өдөр байгуулсан юм. Нийгэмлэгийн гишүүнээр Япон, БНХАУ, Монгол, ОХУ-ын Алс Дорнодын үлэг гүрвэлийн судалгааны төв, БНСУ, Тайланд улс нэгдсэн бөгөөд Малайз улс элсэхээр саналаа өгсөн байна. Түүнчлэн Азийн үлэг гүрвэлийн судалгааг хийдэг Европ, Америк, Австралийн судлаачид оролцдог. Азийн динозаврын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр Монголын нэрт эрдэмтэн, академич Р.Барсболд сонгогдсон.